Хөтөлбөр

Гурван шат бүхий хөтөлбөр

Практик үйлчлэлээс эхэлж, чуулганы удирдлагаар дамжин, Библийн гүнзгий судлалаар төгсөнө.

DPM / Diploma in Practical Ministry · I шат

Практик үйлчлэлийн диплом

Христитгэгч үйлчлэгчдийн зайлшгүй мэдэх ёстой сайнмэдээний үнэн зөв агуулга, сайнмэдээний хүчийг судалж, авралын дараах ариуслын амьдралын онол болон практикийг эзэмшинэ.

  • 1:1 Дагалдагч бэлтгэх сургалт

    Нэг хүнтэй нүүр тулан ажиллаж, итгэлд нь бат зогсооход туслах үндсэн ур чадвар. Дагалдуулалтын хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй хэлбэр.

  • Галат ном

    «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэдгийн утга, зарчим, үр дүн. Өөр сайнмэдээг хүлээн авсан Галатын чуулганд бичсэн захидлаар дамжуулан жинхэнэ сайнмэдээг ялган таньж, өөрийн итгэлийн амьдралыг эргэн харна.

  • Ром ном

    Хууль яагаад өгөгдсөн бэ? Хүн үнэхээр зөвхөн итгэлээр аврагдана гэж үү? Итгэлийн амьдралын үндсэн асуултуудад Ром ном тодорхой, бат хариулт өгнө.

  • Христитгэгчийн амьдрал

    Аврагдсаны дараах өдөр тутмын амьдрал — залбирал, Библи, нөхөрлөл, ариусал. Итгэгчийн суурь дадлыг тогтооно.

  • Марк ном

    Есүсийн үйлчлэл, зовлон, амилалтыг хамгийн товч, хөдөлгөөнтэй сайнмэдээгээр судална. Тэр хэн болох, юуны төлөө ирснийг харуулна.

  • Сайнмэдээ ба Дагалдуулалт 1

    Чуулган өөрийнхөө төлөө биш, энэ үеийг гэрэлтүүлж, амийн үгийг хуваалцахын тулд оршдог. Алдагдсан хүмүүсийг хайрлан, үнэний захиасыг тунхаглах бэлтгэл.

  • Сайнмэдээ ба Дагалдуулалт 2

    Үргэлжлэл. Итгэсэн хүнийг бат зогсоож, өөрөө бусдыг дагалдуулж чадах хэмжээнд хүргэх арга барил.

  • Дагалдуулалтын дадлага

    Судалсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж, нэг хүнийг 1:1-ээр дагалдуулна.

  • Үйлчлэлийн дадлага

    Чуулган, олон нийтийн дунд бодит үйлчлэл гүйцэтгэж, 20-иос доошгүй цагийн туршлага хуримтлуулна.

Нийт 20 кредит
DCL / Diploma in Church Leadership · II шат

Чуулганы удирдлагын диплом

Чуулган удирдах, заах үүрэг хүлээсэн үйлчлэгчдэд зориулсан шат. Суралцагчид Бичээсийг зөв тайлбарлан номлох, чуулганы үйлчлэлийг Библийн зарчмаар удирдах, өөрийн үйлчлэлийн зорилго, стратегиа боловсруулах чадварыг эзэмшинэ.

  • Чиглүүлэгч багш бэлтгэх сургалт

    BEE-ийн хэлэлцүүлгийн аргаар анги хөтлөх ур чадвар. Заах бус, чиглүүлэх — суралцагчид өөрсдөө нээж ойлгоход туслах урлаг.

  • Библи судлалын арга

    Библийг өөрөө ажиглаж, тайлбарлаж, амьдралдаа хэрэглэх индуктив судалгааны үндэс.

  • Номлох арга зүй

    Бурханы үгийг ойлгомжтой, үнэнч, сонсогчдод хүрэхээр дамжуулах бэлтгэл.

  • Чуулганы онол

    Библи, түүх, соёлын гэрэлд чуулганы мөн чанарыг судална — мөргөл, төлөвшил, өсөлт, удирдагч, зохион байгуулалт. Жинхэнэ чуулган ямар байх ёстой вэ?

  • Дотоод эдгэрэл

    Хүн бүр амьдралдаа шарх авдаг, христитгэгч ч гэсэн. Зовлон юу гэсэн үг вэ, эдгэрэл хаанаас ирдэг вэ гэдгийг Библиэс хамт харж, шаналж яваа хүнд хэрхэн тулж очихыг сурна.

  • Чуулганы өсөлтийн онол

    Чуулган яагаад, хэрхэн өсдөг вэ. Шинэ чуулган байгуулах практик удирдамж.

  • Хичээл заах дадлага

    Судалсан номоо бусдад заах дадлага. Багшийн хяналтад хичээлээ бэлтгэж, ангидаа бие даан заана.

  • Үйлчлэлийн дадлага

    Чуулган, олон нийтийн дунд бодит үйлчлэл гүйцэтгэж, 20-иос доошгүй цагийн туршлага хуримтлуулна.

Нийт 20 кредит
DBS / Diploma in Biblical Studies · III шат

Библийн судлалын диплом

Библийн номуудыг гүнзгий судалж, амьдрал болон үйлчлэлд хэрэгжүүлэх Библийн зарчмуудыг нээн ойлгоход чиглэнэ. Суралцагчид эдгээр зарчмыг өөрийн амьдрал, үйлчлэлд төдийгүй бусдыг удирдан чиглүүлэх үйлчлэлдээ хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг эзэмшинэ.

  • Хуучин гэрээний удиртгал

    39 номын онцлог, агуулгыг тоймлон судална. Ном тус бүрийн бүтэц, товчоог өөрөө гаргах нь гол хэсэг. 66 ном нь нэг сэдэвтэй нэгэн ном гэдгийг харна.

  • Шинэ гэрээний удиртгал

    27 номын онцлог, агуулга, бүтэц. Хуучин гэрээтэй хэрхэн нэгддэгийг гүйцэд харна.

  • 1 Коринт ном

    Чуулган дотор хуваагдал, маргаан, ёс суртахууны асуудал гарахад юу гэж хэлэх вэ? Коринт бол яг тийм чуулган байсан бөгөөд өнөөдрийн чуулганд тулгардаг асуудлуудын хариу энд бий.

  • Еврей ном

    Хүнд үед итгэлээ орхин буцах гэж буй хүнийг чуулган хэрхэн барих вэ? Христ хэн болохыг дахин харснаар ядарсан итгэгч босдог — урам хугарсан хүнийг дэмжих, залбирлын амьдралыг сэргээхэд хэрэгтэй ном.

  • Христитгэгчийн гэрлэлт

    Гэрлэлтийн талаарх Библийн зураг төсөл, түүний практик хэрэглээ. Бурханы тогтоосон хамгийн анхны нийгэмлэгийг гүнзгий ойлгоно.

  • Систем теологи

    Христитгэлийн үндсэн сургаалыг эмх цэгцтэй судална — Бурхан, Библи, хүн, нүгэл, Христ, Ариун Сүнс, аврал, чуулган, эцсийн үе.

  • Библи судлалын дадлага

    Сурсан аргаараа нэг номыг бие даан судалж, судалгааны ажлаа танилцуулна.

  • Үйлчлэлийн дадлага

    Чуулган, олон нийтийн дунд бодит үйлчлэл гүйцэтгэж, 20-иос доошгүй цагийн туршлага хуримтлуулна.

Нийт 20 кредит

Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.

2 Тимот 2:2

Сургалтын нөхцөл

01

Хаана

Сургалт тухайн бүс нутагт зохион байгуулагдана. Сургалт явуулахад тохиромжтой чуулганы байрыг сонгон ашиглана.

02

Хэн суралцах вэ

Чуулганы пастор, багш, удирдагч болон үйлчлэлд бэлтгэгдэж буй итгэгчид. Нэг ангид багадаа 8–10 суралцагч бүрдсэн тохиолдолд сургалт эхлэх боломжтой.

03

Ямар хэлбэрээр

Сургалт суралцагчдын урьдчилан бэлтгэсэн ажил дээр тулгуурлан хэлэлцүүлгийн хэлбэрээр явагдана.

04

Хичээллэх цаг

Хичээл бүр кредитээсээ хамаарч 20–30 цаг үргэлжилнэ. Ихэвчлэн 3–4 өдрийн турш 09:00–17:00 цагт хичээллэнэ.

05

Сургалтын төлбөр

Сургалтын суурь зардлыг тухайн бүс нутаг бие даан хариуцна. Ингэснээр сургалт нутагтаа тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэнэ.

06

Шат ахих журам

Тухайн шатны 20 кредитийг бүрэн цуглуулсан суралцагч дипломоо авч, дараагийн шатанд шилжин суралцана.